Монгол залуус дэлхийтэй хөл нийлүүлэн хөдөлмөрлөнө. Дэлхийд трэнд болж бизнесийн ертөнц, хүмүүсийн хэрэглээг өөрчилж буй техниологиудыг Монголдоо нутагшуулахаар… дэлхийд гаргахаар хийж бүтээх хүсэл тэмүүлэл өвөртлөнө…

Энгийн хэрэглэгчид бидний хувьд тэдний бүтээл гарт минь ирэхэд баярлан хүлээн авдаг. Гэвч бидэнд хүрэхээс өмнө хэр их хугацаа, хөрөнгө, хүн хүч шаардсан бол гэдэг талаар та бодож байсан уу. Магадгүй та ч гэсэн яг одоо бизнестээ IT төсөл нэвтрүүлж, дижитал бүтээгдэхүүн гаргаж, борлуулалтын сувгаа цахимжуулна гэж төлөвлөж суугаа байх. Тэгвэл та “IT төсөл яагаад сунжирдаг вэ” гэдгийг ойлгоод аваарай.

Бизнесийнхэн анх төсөл эхлүүлэхдээ нэг их яараад, бушуухан, бушуухан гэсээр маш олон мэргэжлийн ажлыг алгасан орхидог. Гэвч явцын дунд болон эцэст нь маш олон удаа эргэж буцах, засаж залруулах ажил хийсээр байгаад төслөө сунжруулдаг. Хэд дахин эхэлсэн төсөл ч байдаг. Энэ нь захиалагч, гүйцэтгэгч аль алинд нь хохиролтой.

Та машинаа засуулж байхад таны машиныг засаж буй хүн горим, стандартынх нь дагуу засахгүй,  эрэг боолтыг нь хаа хамаагүй боогоод, заримыг нь орхиод байвал танд ямар санагдах вэ. IT төслийг та яг үүнтэй адил мэргэжлийн ажил шүү дээ хэмээн үзэж дараахь чухал ажлуудыг битгий орхиорой.

Нэг. Бизнес хөгжүүлэлтгүйгээр систем хөгжүүлэлтэд орох.

“Бизнес модел”-оо маш тодорхой болгосны дараа IT төслөө эхлээрэй. Бизнес модел чинь яаж өөрчлөгдөх, юу болохоос IT хөгжүүлэлт маш их хамаардгийг анхаараарай. IT төсөл бол зөвхөн хөгжүүлэлт, технологийн ажил биш. Систем болон бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтэрсний дараа хэрэглэгчдэд хүрч, танайд бизнес авчрах ёстой. Маш их цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө үрж хийсний дараа зах зээл, хэрэглэгч хүлээн авахгүй байх, өрсөлдөх чадвахгүй байх, ердөөсөө хүнд хэрэггүй байх ч тал бий. 

Нөгөө талаасаа хичнээн хүнд хэрэгтэй, бизнес бий болгож болох зүйл байсан ч түүнийг нь өлгийдөн авч зах зээлд нэвтрүүлэх, хэрэглээнд оруулах чиг үүргийн хүмүүсийн оролцоо сул байх хандлага маш нийтлэг байдаг. Та хүүхдээ төрөхөд өлгий, бусад зүйлсийг нь бэлддэгтэй яг адил. Бүтээгдэхүүн гарсны дараа хэрэглэгчид яаж хүрэх юм, ямар сувгаар хэрхэн нэвтрэх юм, хэрэглэгчийн замнал дахь процессд юу болох, түүнийг бид яаж удирдах вэ гэх мэтээр маш олон асуудлыг бизнес хөгжлийнхөн төлөвлөж, бэлдэж байх ёстой.

Хоёр. Бизнес анализ хийхгүйгээр хөгжүүлэлтийг эхлүүлэх

Төслийн эхний үе шатанд “бизнес анализ” гэсэн мэргэжлийн ажлыг хийхгүй алгасдаг. Захиалагч, гүйцэтгэгч хоёр юу хэрэгтэйгээ маш тодорхой ойлголцоход тусалдаг чухал ажлыг орхиод гэрээний хугацаа, хүн хүч, хөрөнгө оруулалтаа тохирон гэрээлдэг. Энэ бизнес анализийн ажлаар ганц IT асуудал тодорхой болохгүй. Уг систем, бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэсний дараа анхаарах маш олон асуудал, чиг үүргийн уялдаа тодорхой гарч ирдэг. Хөгжүүлэлт хийгдээд бодит бүтээгдэхүүн гараад ирсэнийх нь дараа хэрэглэж үзээд “энэ биш байнаа”, “ингэх байсан байна” гэх мэтээр бүх зүйлээ өөрчлөөд ажлыг сунжруулдаг.

Дөрөв. User Experience, Prototype-г чухалчлахгүй орхих

Төсөл хамгийн их сунжруулдаг нэг шалтгаан бол “юу хүсэж байгааг ойлголцохгүй байх” явдал. Захиалагч бодохдоо нэг ийм зүйл гарна гээд өөрийн нүдэндээ харж төсөөлсөн байдаг. Гүйцэтгэгч түүнийг ийм зүйл хүсэж байгаа гэж бодоод ажлаа эхэлчдэг. Хэрэглэгч бүтээгдэхүүнийг яаж хүлээж авах, юу нь болох, болохгүйг нь судалж тогтоодоггүй. User Experience, User Interface хоёр бол шал ондоо, тусдаа ажлууд. Үүнийг өнгө, лого, дэлгэцийн дизайн төдийхөнөөр харж ажилладаг. User Experience-г урьдаас мэргэжлийн түвшинд анхаарч, бүтээгдэхүүний Prototype бий болгож хэрэглэгчийнхээ мэдрэмжийг судлах нь эхний үед цаг зарцуулах боловч дараа нь таны сунжруулах цагаас асар их хэмнэхийг та ойлгоорой.

Гурав. Захиалагч талын оролцоо сул байх

Бизнес талаас буюу захиалагчийн хийх ёстой хийх ажил гэж маш их байдаг. Гэтэл захиалагчийн талаас ажиллаж буй хүмүүс IT багаа хамаг юмыг хийх ёстой гэж хүлээгээд байдаг. Зарим нь захиалагч юу хийх ёстойгоо ч мэддэггүй. Болж байна уу хэзээ дуусах вэ л гэж шахаад байдаг. IT төслийн хувьд төслийн явцад захиалагч болон гүйцэтгэгч талын нягт хамтын ажиллагаа, тэвчээртэй хөдөлмөр шаардагддаг. Иймээс баг бүрдүүлэхдээ зорилгодоо нэгдсэн, сэтгэл зүрхээрээ ажиллаж чадах хүмүүсийг сонгох хэрэгтэй. “Ядарч зовж байсан ч зорилгынхоо төлөө жаргалтай зовох” хүмүүсийг сонгоорой гэсэн үг.

Нөгөө талаас захиалагчийн багийн гишүүд уг төсөлтэйгөө холбоотой ажлыг өмнө нь хийж байгаагүй, дараа нь хийхгүй хүмүүс байдаг. Тэд төслөө буруу ойлгох, бодит амьдралаас хазгай шаардлага, хүсэл тодорхойлж өгөхөөс асуудал үүсэх тал бий. Мөн хийсэн зүйлийг нь буюу  бүтээлийг нь цааш нь авч явах, амьдруулах, ажилдаа хэрэглэх хүмүүс нь яаж оролцох вэ гэдгээс төсөл их хамаардаг. Тэр хүмүүс нь өгөгдөлөө хөрвүүлж өгөхгүй, мэдээллийн бүтцээ гаргаж өгөхгүй, хийсэн зүйлийг нь хянаж үзээд болж буй эсэхэд хариугаа хурдан өгөхгүй гээд төсөл сунжруулах хүнээс хамааралтай асуудал байдаг.

Энэхүү 4 зүйлийн эхний гурав нь юуг яаж хийдэг вэ гэдэг нь дэлхийд ч тодорхой стандарт болсон ажил юм. Монгол залуус өөр, гадаадынхан өөр гэсэн үг биш. Монголчууд харин алгасачихдагт л учир байна. Иймээс та эдгээрийг л битгий алгасаарай.

Read More